Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

       

      Орлогод нийцсэн гэдэг нь оршин суугчийн амьдарч буй орон сууцны өртөг нь тухайн өрхийн төлөх чадвараас илүүгүй байх нөхцөл юм. Олон улсад орлогод нийцсэн орон сууцыг тухайн зорилтот бүлгийн өрхийн сарын орлогын 30 хувиас ихгүй орлого нь орон сууцанд амьдрах болон худалдан авах чадамжаар тодорхойлогддог байна.  Гэсэн хэдий ч орлогод нийцсэн байх гэдэг нь харьцангуй ойлголт гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь өндөр орлоготой өрхийн орлогын чадварт нийцэх орон сууц нь бага орлоготой өрхийн орлогод нийцэхгүй юм. Тиймээс зорилтот бүлгийн иргэд тэдгээрийн орлогын чадварт нийцсэн, бодит хэрэгцээнд зориулан нийлүүлэх үүднээс орон сууцны төрөл сонголтуудыг бий болгох нь зүйтэй.    

Монгол Улсын хувьд орлогод нийцсэн орон сууцны талаарх баримтлах стратегийг 2014 онд боловсруулсан “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги (ТЧНОСС)” баримт бичгийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд судлан тодорхойлсон ба зорилтот айл өрхүүдийг орлогод нийцсэн орон сууцанд амьдрах боломжийг олгоход дараах үндсэн стратегийн чиглэлүүдийг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Үүнд:

  1. Төрийн дэмжлэгтэйгээр төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.
  2. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмыг бийболгох.
  3. Хотын хэмжээний орон сууцны асуудал хариуцсан байгууллагуудын бүтэц болон хууль эрх зүйн орчинг тогтоох

    Ногоон орон сууц гэдэг нь дулааны эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал багатай, усны хэрэглээний хэмнэлттэй, барилгын нийт эрчим хүчний хэрэглээг 20 хувиар бууруулсан байна. 

     Олон улсад орлогод нийцсэн ногоон орон сууцыг бариж байгуулсан олон сайн туршлагууд байдаг.  Жишээ нь: Америкийн Нэгдсэн улсын Нью Йорк хотын Бронксд 2007 онд баригдсан Моррисаниа Хөүмс(Morrisania Homes in the Bronx)нь анхны ногоон бөгөөд орлогод нийцсэн сууцны нэг.  Энэ орон сууцыг холимог ашиглалттай, бага орлоготой болон дунд орлоготой иргэдэд зориулан барьсан байна. 

        “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь хүн амын зорилтот бүлгийн урт хугацааны төлбөрийн чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн хангамж бүхий, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хог хаягдал, орчны бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий орлогод нийцсэн ногоон орон сууцны эко-хорооллыг бий болгох онцгой ач холбогдолтой төсөл юм.