Баянхошуу дэд төвд төсөлд оролцохоор дэмжсэн оршин суугчдад төслийн зураг төслийг танилцуулах анхны танхимын уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 12-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд 2022 оны 04-р сарын 09-ний өдөр зураг төслийг танилцуулах 2-р уулзалтыг танхимаар дахин зохион байгууллаа.
Баянхошуу бизнес инкубатор төвд зохион байгуулсан энэхүү 2 дахь удаагийн уулзалтад нийт 55 хүн оролцсон бөгөөд уулзалтаар төслийн хүрээнд баригдах ЭКО-ХОРООЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, ЗУРАГ ТӨСӨЛ-д иргэдийн санал хүсэлт хэрхэн тусгагдаж, өөрчилсөн байдлыг нийт хамрагдаж буй оршин суугчдад танилцуулав.
Бид төслийн хэрэгжилтийн үе шатууд болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа иргэдийн санал хүсэлтийг тогтмол тусган ажиллаж байгаа билээ. Иргэдтэй хийсэн зураг төсөл танилцуулах анхны уулзалтаар оршин суугчдын гаргасан санал, хүсэлтийг зураг төсөлдөө тусган шинэчилж дахин танилцуулах зэргээр Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөлд хамрагдаж буй Баянхошуу дэд төвийн оршин суугчидтай нягт уялдаа холбоотой ажиллаж байна.
Амьдрах орчноо сайжруулахаар Эко-хороолол барих төслийн ажлыг дэмжиж идэвхтэй оролцсон нийт оршин суугчид та бүхэндээ талархал илэрхийлье. Иргэд та бүхний оролцоо, хяналт төсөл амжилттай хэрэгжихэд нэн чухал үүрэгтэй билээ.