logo

Улаанбаатар хотын анхны EDGE гэрчилгээтэй ногоон орон сууц

"5 мин"2026.01.14Хэвлэлийн мэдээ
Улаанбаатар хотын анхны EDGE гэрчилгээтэй ногоон орон сууц

Ногоон Орон Сууц Төсөл

Азийн Хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу гэр хорооллыг дахин төлөвлөх зорилгоор ногоон орон сууцны төсөл нь хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд 5 мянган айлын ногоон орон сууцны хорооллыг барихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд газар чөлөөлөлт хийгдсэн 5,6 га талбайд нийт 800 айлын орон сууцыг барихаар 2023 оны 7 сараас барилга угсралтын ажил эхэлсэн. Үүний эхний 110 айлын орон сууцыг улсын комисс шалгаж, үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн хүлээж авсан бөгөөд энэ 11 сарын 11-нд албан ёсоор ашиглалтад оруулах дүгнэлт баталгаажсан.

Улаанбаатар хотын анхны EDGE гэрчилгээний шаардлагыг хангасан ногоон орон сууцны төслийн архитектур төлөвлөлт, онцлох шийдлүүдийн талаар бэлтгэн хүргэж байна.

Article image

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн 110 айлын орон сууцыг хариуцсан төслийн менежер, инженер П. Наранбаатар “Ногоон барилгын стандартыг хангахын тулд онцлох олон шийдлүүдийг энэхүү төсөлд хэрэгжүүлсэн”

Хамгийн анхны ногоон орон сууц гэж тодотгож байгаа. Ногоон барилгын ямар гэрчилгээ, стандарт шалгуурыг хангасан вэ?

Энэхүү төсөл маань Улаанбаатар хотод баригдаж байгаа анхны ногоон орон сууц болж байгаа. Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа учраас ногоон барилгын стандартад нийцүүлэн барих шаардлага тулгарсан. Ингэснээр дараа дараагийн шатны санхүүжилтийг татах нөхцөл бүрдэх юм. Тиймээс бид олон улсад ногоон барилгын гэрчилгээнүүдээс Монгол Улсын цаг уурын нөхцөл, онцлогт хамгийн тохиромжтой EDGE 3.0 үнэлгээний систем сонгож, тухайн стандартаар барилгаа барьсан.

EDGE гэрчилгээний шалгуурыг хангаж, Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц нь зураг төслийн анхан шатны сертификатыг авсан. Тодруулбал, энэхүү барилга нь эрчим хүчний хэрэглээг 34%, усны хэрэглээг 20%, материалд шингэсэн карбоны хэмжээг 21% бууруулсан үзүүлэлттэй болсон.

Усны хэмнэлтийг 20% хүргэхийн тулд ямар шийдлүүдийг төлөвлөсөн бэ?

Усны хэмнэлтийг хэрэгжүүлэхийн тулд одоо баригдсан байгаа 110 айлын 4 блок орон сууцны зоорины давхарт саарал усыг дахин болосвруулж цэвэрлэх байгууламж суурилуулсан. Ингэснээр угаалтуураас гарч буй бохир усыг дахин цэвэршүүлж, усыг почки руу нийлүүлж ашиглах боломжтой байхаар шийдсэн.

Хэрвээ саарал усны систем ямар нэг шалтгаанаар ажиллахгүй бол, ус төвийн шугамаар шууд нийлүүлэгдэх байдлаар төлөвлөгдсөн. Мөн усны хэмнэлттэй тоног төхөөрөмжүүдийг сонгон суурилуулсан байгаа.

Ямар дулаалгын материалыг сонгосон бэ?

Дулаалгын материалын хувьд Монгол Улсад анх удаа хэрэглэгдэж буй, шил боловсруулах замаар үйлдвэрлэсэн хөөмөл шилэн дулаалгын материал (Cellular Glass)-ыг ашигласан. Энэхүү материал нь дулаан дамжуулалтын коэффициент маш бага тул барилгын доторх дулааныг алдахгүй. Уг материалыг Монголд хэрэглэгдэж байгаагүй. Харин энэхүү төслийн хүрээнд анх удаа туршилт, хэрэглээнд нэвтэрч байна. Одоогоор баригдаж буй 800 айлын бүх орон сууцад тус дулаалгын материалыг ашиглахаар төлөвлөсөн байгаа.

Мөн хөөмөл шилэн дулаалгыг чулуун хөвөн материалтай хослуулан хэрэглэснээр дулаан тусгаарлалтын гүйцэтгэлийг улам сайжруулсан. Үүний үр дүнд барилгын дулаан алдагдал мэдэгдэхүйц багасгасан.

Үүнээс гадна барилгуудын цонх, шиллэгээ нь гурван давхар, хамгийн гадна талын шил нь Low-E түрхлэгтэй тул доторх дулааныг гадагш алдахгүй байх давуу талыг бүрдүүлж өгсөн.

Барилгын материалын тээвэрлэлтийн явцад маш их нүүрстөрөгч ялгардаг учраас ойроос худалдан авах шаардлага тулгардаг. Материалаа хэрхэн сонгосон бэ?

Барилгын материалаа сонгохдоо тухайн материалын үйлдвэрлэлийн процесс, техникийн үзүүлэлт, байгаль орчинд үзүүлэх нөлөө, ялангуяа карбон ялгаруулалтын хэмжээг гол шалгуур болгодог. Үүнийг олон улсын стандартын дагуу тусгай тооцооллын программд оруулж, материал бүрийн амьдралын мөчлөгийн үнэлгээг хийж гаргадаг.

Карбон ялгаруулалтад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн шат юм. Материалыг холоос тээвэрлэх тусам тухайн материалын нийт карбон ул мөр өсдөг. Тиймээс бид дотоодын үйлдвэрлэгчдээс аль болох ойроос материалаа сонгож байгаа.

Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй гол барилгын материалууд нь цемент, бетон болон төрөл бүрийн блок, хөнгөн блок юм. Эдгээрийг бид дотоодын үйлдвэрүүдээс авдаг. Харин дулаалгын зарим материал, тусгай зориулалтын барилгын бүтээгдэхүүнүүд импортоор авч байна.

Дотоодын дулаалгын материал үйлдвэрлэгчид олон байна. Яагаад хөөмөл шилэн дулаалгыг сонгосон бэ?

Одоогийн байдлаар Монголд баригдаж буй барилгуудын дийлэнх нь хөөсөнцөр, шилэн хөвөн, чулуун хөвөн, хөнгөн цагаан фасад зэрэг материал ашиглаж байгаа. Тооцоолол хийж үзэхэд Монголд одоогоор ашиглагдаж буй дулаалгын ихэнх материалын дулаан дамжуулалтын итгэлцүүр (U, λ) нь шаардлагатай түвшинд хүрэхгүй байна. Мөн үйлдвэрлэлийн явцдаа их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэж үзэж байгаа учраас барилгын нийт карбон ялгарлыг бууруулах боломжит хувийг хангаж чадахгүй байна. Иймээс шаардлагад хүрэхийн тулд гадаадын туршлага, технологид тулгуурлан дулаалгын материалуудыг судалж, сонгосон.

Бүх төслүүд 5 хүртэлх давхартай байна. Орон сууцжуулах бодлого талаасаа харвал арай олон давхар байх нь үр ашигтай байх байсан уу? Шалтгаан нь юу байсан бэ?

Манай төслийн барилгууд бүгд 5 хүртэлх давхар байхаар төлөвлөгдсөн. Ер нь анх төслийн ТЭЗҮ-д барилгуудын давхрыг зааснаас гадна тухайн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хэдэн давхар хүртэлх орон сууц барих боломжтойг тогтоосон байдаг. Үүнтэй уялдаж төлөвлөлт хийсэн.

Мөн ногоон орон сууц нь өрхийн орлогод нийцсэн, хүн амын нягтрал бага, оршин суугчдын амьдрах орчин илүү тав тухтай байх ёстой. Тэр ч утгаараа лифтгүй төлөвлөлтийн үр дүнд барилгын нийт талбайн үр ашиг сайжирч, метр квадратын үнэ багасаж байгаа. Эдгээр шийдлийн үр дүнд тус барилгын ашиглалтын зардал уламжлалт барилгатай харьцуулахад 20%-аар бага байна.

Article image

Дээвэр дээрх нарны фанелиуд хэр хэмжээний сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх вэ?

Ногоон барилгын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шийдэл юм. Төслийн хүрээнд барилгын дээврийн талбайд 20–30 кВт хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр суурилуулах боломжтой гэж тооцоолсон. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг шууд тухайн барилгын хэрэглээнд нийлүүлнэ. Харин илүүдэл эрчим хүчийг Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөсөн.

Нарны цахилгаан үүсгүүр нь зөвхөн өдрийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг тул тухайн мөчид л хэрэглээнд орно. Голчлон нийтийн эзэмшлийн талбай, олон нийтийн зориулалттай хэсгүүдэд ашиглах бөгөөд шаардлагатай тохиолдолд айл өрхийн шууд хэрэглээнд зарцуулагдана.

Гэхдээ манай төсөлд нарны цахилгаан үүсгүүртэй уялдуулан эрчим хүчний хуримтлуурын системийг нэвтрүүлж байгаа. Ашиглалтад орсон 110 айлын орон сууцыг тэжээдэг үндсэн цахилгааны дэд өртөө бий. Тэнд батарей хуримтлуурын системийг суурилуулна.

Энэхүү хуримтлуурын систем нь өдрийн цагаар нарны эрчим хүч болон үндсэн түгээх сүлжээнээс ирж буй цахилгаанаар батарейгаа цэнэглэж, оройн оргил ачааллын үед цэнэглэсэн эрчим хүчээ дэд өртөөнд нийлүүлснээр барилгын цахилгаан хэрэглээг тогтвортой хангах шийдэл болж байна.

Хийцлэлийн хувьд?

Хийцлэлийн хувьд бүрэн цутгамал, блокон дүүргэлттэй. Бетон арматурыг үйлдвэрлэх явцад маш их хэмжээний карбон ялгардаг. Тиймээс материалд шингэсэн энергийг багасгахын тулд нэг ёсондоо карказан барилга барьсан гэсэн үг. Дүүргэлтийн материалууд нь материалд шингэсэн эрчим хүч нь харьцангуй бага байдаг.

Барилгын наран талдаа харсан шиллэгээнүүд ямар шийдлүүд вэ?

А барилгын урд метал каркас бүхий 4 давхар хүлэмжийн барилга төлөвлөсөн. Уг хүлэмж нь үндсэн барилгатай давхар бүрт нийтийн хонгилоор холбогдоно. Энд оршин суугчид хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой.

Харин D блок нь тромбын ханыг байрлуулсан. Энд хуримтлагдсан нарны дулаанаар нийтийн эзэмшлийн буюу коридоруудыг халааж байгаа.

“Төслийн архитектур төлөвлөлт ба онцлох шийдлүүд “

Төслийн 1-р үе шатанд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд нийт 2,8 га талбайд 220 айлын орлогод нийцсэн ногоон орон сууц эко хорооллыг бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний 110 айлын орон сууц ашиглалтад ороод байна.

Article image

Сууцууд 2 өрөө, 3 өрөө болон 4 өрөө гэсэн сонголтуудтай байх ба дотор зохион байгуулалт нь орон зайг ашиглалт сайтай байхаар төлөвлөсөн. Нэг дүгээр давхартаа зориулалтын тоноглолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан түгээмэл загварын орон сууцууд байна.

Article image

Давхар хүлэмж:

Оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгон амьжиргааг дэмжих зорилгоор давхар хүлэмжийн барилга төлөвлөжээ. Нийт 320м2 талбай бүхий гурван улирлын хүлэмж байх бөгөөд хүлэмжийн ар хананд дулааны масс хадгалах хана төлөвлөснөөр сэрүүний улиралд дотор орчныг эрчим хүчний хэмнэлттэйгээр халаах боломж бүрдэнэ. Урд талын бүрхүүлийг хоёр давхар поликарбонатаар шийдсэн нь дулаан алдагдлыг багасгах зорилготой. Тариалалтыг тавиурт суурилсан системээр зохион байгуулж, усалгааг цэвэр усны шугам болон дээврийн усыг хуримтлуулан ашиглах системтэй байхаар төлөвлөсөн байна.

Article image
Article image

Нийтийн хонгилд байрлах тоолуур бүхий самбараар айл болгон цэвэр ус болон цахилгааны хэрэглээгээ хянах боломжтой.

Article image

Дээвэр дээр байрлах сэргээгдэх эрчим хүчний үүсгэвэртэй нарны зайн дэлгэц PV нь 20–30 кВт хүртэл эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Article image
Article image

Угаалтуураас хэрэглэсэн усыг зоорийн давхарт шүүж, суултуурын ариутгах татуургын ус болгож дахин ашиглах технологи суурилуулж, усны хэрэглээг 20% бууруулсан.

Article image

Тромбын хана (Trombe wall) барилгын нарны эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулж, дотоод орчныг халаах пассив системийг төлөвлөн, олон нийтийн коридорыг халаах шийдлийг төлөвлөсөн байна. 

Article image

Фасадны өнгөний сонголт нь

Нугад өглөөний нар мандаж буй байгалийн үзэгдлээс суурь өнгөнүүд болох саарал, ногоон, шар, улбар шар, хар саарал өнгөнүүдийг тодорхойлж “Ногоон орон сууц” төслийн гадна фасадны өнгө төрхийг бүрдүүлсэн. Мөн хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээтэй бөгөөд хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэднэ.

Article image
Article image
Article image
Article image
Article image
Article image

Эх сурвалж:https: https://www.barilga.mn/n/35085?