Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Хүлэмж

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” -ийн онцлог нь орон сууцны төлөвлөлтийг хүлэмжийн аж ахуйтай холбож иргэдийг ажлын байраар хангаж амьжиргааг сайжруулах, хүнсний аюулгүй ногооны хангамжийг нэмэгдүүлж, импортын хүнсний бүтээгдэхүүний хэмжээг бууруулж байгаа нь давуу тал болж байна. Төслийн хүрээнд дараах үр дүнд хүрэх зорилтууд тавин ажиллаж байна:

Үр дүн 1: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, нийтийн байгууламж, халамжийн орон сууцыг гэр хороололд барих

Үр дүн 2: Нүүрстөрөгчийн бага ялгаралттай орлогод нийцсэн орон сууц, зах зээлийн өртөг бүхий орон сууц, эдийн засгийн өгөөжтэй байгууламжуудыг байгуулах.

Дээрх үр дүнгүүдэд хүрэхийн тулд оршин суугчдын хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхол, хэрэгцээнд тулгуурлан эко хорооллын орчинд хүлэмжийн загвар хийцийг төлөвлөх, хүнсний ногоо тариалах ур чадварын мэдлэг олгох, хоршоолсон хэлбэрээр үр шимийг хүртэх, хүлэмжийн аж ахуйн эрхэлснээр урт хугацаанд амьжиргааг дэмжих хэрэгсэл болгох ажлууд хийгдэнэ.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд зөвлөх байгууллагын боловсруулсан 3-н загварын хүлэмжийн төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх ажил үе шаттайгаар явагдаж байна.


Давхар хүлэмж


Давхар буюу орон сууцанд хавсарсан олон давхар хүлэмж нь манай оронд туршигдаагүй загвар гэдгээрээ шинэлэг болж байна. Хүлэмж нь халаалтгүй, хойд хана нь орон сууцанд хавсарсан байх бөгөөд ингэснээр дулаан масс хуримтлагдаж эрчим хүчний хэмнэлттэй байна.

Орон сууцны бүсээс шууд хүлэмжинд нэвтрэх боломжоор хангасан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүнсний хэрэгцээт ногоо тариалахад давуу тал болно. Давхар хүлэмжийн аж ахуйг орчин үеийн дэвшилтэт тариалалтын системүүдтэй (гидропоник, акуапоник, микро грийн, олон давхар тариалалт г.м) хослуулан ашиглан үр ашгийг нэмэглүүлэх бүрэн боломжтой.


Гурван улирлын пассив хүлэмж


Пассив хүлэмж гэж ямар ч нэмэлт халаалтын төхөөрөмж ашиглахгүйгээр зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан дулааны эх үүсвэрээ хангах бөгөөд байгалийн агааржуулалтын системтэй, дээврийн усыг усалгааны системдээ ашиглах загвар хүлэмж юм. Энэхүү загварын хүлэмж нь ашиглалтын хугацаа, эдийн засгийн үр ашиг өндөртэй, хавар эрт үрсэлгээ бойжуулах, намар ороы хүйтэнд тэсвэртэй хүнсний ногоо тариалах зорилгоор ашиглах нь тохиромжтой. Гурван улирлын пассив хүлэмж нь агрономын болон дулааны үйлчлэлээс нь үзвэл хамгийн сайн үр дүнтэй, манай орны олон бүс нутагт ашиглагдаж байна.


Гэр хүлэмж /GGH/


Энэхүү хүлэмж нь монгол үндэсний уламжлалт сууц болох гэр хэлбэрийг загвартаа тусгаж өгсөн байна. Гэр хүлэмжийн дээврийн 360 хэмийн 240 хэм нь шилэн бүрхүүлтэй, 120 хэм нь дээврийн бүтэцтэй байна. Гэр хүлэмжийг зуны улиралд ногоон цэцэрлэг болон амралт чөлөөт цаг, тасалгааны цэцэг үржүүлэх, үрсэлгээ бойжуулах, хүлэмжийн хоббигоо хөгжүүлэх зорилгоор оршин суугчид ашиглана. Өвлийн улиралд чөлөөт цагаа зөв өнгөрөөх сургалт, спорт арга зохион байгуулах зэрэгт ашиглах зориулалттай төлөвлөж байна.


Холбоос:

https://www.mofa.gov.mn/branch/gazar_tarialan/616f940a73bc4a5fc70f21fb

https://hhaag.ub.gov.mn/

https://nationalfarmers.mn/