Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилд хяналт тавих иргэдийн сайн дурын бүлгэмийн ээлжит уулзалтыг төслийн талбарт 2024 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр зохион байгуулж, иргэд өөрийн амьдарч буй газрын бүтээн байгуулалтад хяналт тавьж, үнэлгээ хийж ажиллалаа.
Уг хяналт, үнэлгээ хийх уулзалтад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 8-н иргэн, үүнээс 5-н эмэгтэй гишүүн, Нутгийн Буян групп ХХК-ийн барилгын талбар хариуцсан инженер болон ХАБ-ын инженер оролцсон ба хяналтын бүлгийн гишүүд барилгын ажил, ХАБЭА-н төлөвлөгөө, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн хэрэгжилт болон бусад барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай баримт бичгүүд, тэдгээрийн гүйцэтгэлтэй танилцаж, зохих журмын дагуу ажиллаж байгааг шалгаж ажиллаа.
Түүнчлэн барилгын талбарын ойролцоох хог хаягдлын ангилалт, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээний байршил, цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаанаар ажиллах машин механизмууд норм дүрмийн дагуу ажиллаж байгааг шалгаж, талбарын ажилчдад ХАБ-ын зааварчилгааг тогтмол өгч, анхааруулж ажиллаж байгаад хяналт тавин, барилга угсралтын ажил зохих журмын дагуу хэвийн явагдаж байна гэсэн дүгнэлт гаргалаа.
Мөн иргэдийн бүлгэмийн зүгээс барилга угсралтын гүйцэтгэгч компанид цаашид барилгын талбайд үүссэн хог хаягдлыг түргэн шуурхай ангилах, ачих, орчны бохирдол үүсгэхгүй ажиллах талаар санал хүргүүлэв.