Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Ерөнхий

Улаанбаатар хотыг иргэдийн ажиллаж амьдрахад таатай хот болгох зорилгоор гэр хорооллын бүсэд иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж нийгэм, эдийн засаг, амралт зугаалга, ногоон байгууламж бүхий орон зай, орон сууцны боломжийг бүрдүүлж өгөх юм.

Эко-хороолол: Хүртээмжтэй цогц төлөвлөлтийн зарчим

Эко-Хорооллын төлөвлөлтийн зарчим нь хүн төвтэй, нэгдсэн нэгдмэл төлөвлөлттэй, хүн бүрт хүртээмжтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байгууламж бүхий орон зай юм.

Эко-Хороолол нь иргэдийн амьдрах тав тухтай орчинг бүрдүүлсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон жендерийн тэгш оролцоонд суурилсан төлөвлөлтийн шийдэл бүхий иргэдийг зорчих таатай нөхцөлийг хангасан, аливаа үйлчилгээг ойр, нэг дороос авах боломжтийг бүрдүүлнэ. Төлөвлөлтийн зарчим нь

  • Бүх зам талбай, олон нийтийн байгууламж нь тэргэнцэртэй, хөдөлгөөний бэрхшээлтэй, хүүхдийн тэрэгтэй явган зорчигч гэх мэт хүн бүрд жигд хүртээмжтэй төлөвлөлтэй.
  • Орон сууцны барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцыг төлөвлөсөн.
  • Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад бүх явган зорчигчийн авто замын аюулгүй байдлыг хангаж хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ, явган хүний гарцыг зохистой төлөвлөсөн.
  • Оршин суугчид ялангуяа хүүхэд, өндөр настангуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн талбай, ногоон байгууламж


Эко-Хорооллын ногоон элемент нь байгальд ээлтэй орон нутгийн гаралтай, дулаан ба ус бага зарцуулсан зардал бага барилгын материалиар хийгдсэн дахин боловсруулж ашиглах боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зориулалттaй байх шаардлагатай.


Орон сууцнууд


Санал болгож буй орон сууцнууд нь харилцан адилгүй орлоготой иргэдэд зориулагдсан, холимог хэлбэртэй байна. Үүнд:

  • Түрээслэх ба түрээслээд өмчлөх ногоон сууц 15%
  • Орлогод нийцсэн ногоон орон сууц 55%
  • Зах зээлийн үнэтэй ногоон орон сууц 30%


Энд 35м2-80м2 талбай бүхий ойролцоогоор 12 төрлийн орон сууц бий. Үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр төрлийн орон сууц нь 10%-ийг эзэлж байна

 

      Орлогод нийцсэн гэдэг нь оршин суугчийн амьдарч буй орон сууцны өртөг нь тухайн өрхийн төлөх чадвараас илүүгүй байх нөхцөл юм. Олон улсад орлогод нийцсэн орон сууцыг тухайн зорилтот бүлгийн өрхийн сарын орлогын 30 хувиас ихгүй орлого нь орон сууцанд амьдрах болон худалдан авах чадамжаар тодорхойлогддог байна.  Гэсэн хэдий ч орлогод нийцсэн байх гэдэг нь харьцангуй ойлголт гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь өндөр орлоготой өрхийн орлогын чадварт нийцэх орон сууц нь бага орлоготой өрхийн орлогод нийцэхгүй юм. Тиймээс зорилтот бүлгийн иргэд тэдгээрийн орлогын чадварт нийцсэн, бодит хэрэгцээнд зориулан нийлүүлэх үүднээс орон сууцны төрөл сонголтуудыг бий болгох нь зүйтэй.    

Монгол Улсын хувьд орлогод нийцсэн орон сууцны талаарх баримтлах стратегийг 2014 онд боловсруулсан “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги (ТЧНОСС)” баримт бичгийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд судлан тодорхойлсон ба зорилтот айл өрхүүдийг орлогод нийцсэн орон сууцанд амьдрах боломжийг олгоход дараах үндсэн стратегийн чиглэлүүдийг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Үүнд:

 

  1. Төрийн дэмжлэгтэйгээр төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.
  2. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмыг бийболгох.
  3. Хотын хэмжээний орон сууцны асуудал хариуцсан байгууллагуудын бүтэц болон хууль эрх зүйн орчинг тогтоох
  4.  

    Ногоон орон сууц гэдэг нь дулааны эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал багатай, усны хэрэглээний хэмнэлттэй, барилгын нийт эрчим хүчний хэрэглээг 20 хувиар бууруулсан байна. 

 

     Олон улсад орлогод нийцсэн ногоон орон сууцыг бариж байгуулсан олон сайн туршлагууд байдаг.  Жишээ нь: Америкийн Нэгдсэн улсын Нью Йорк хотын Бронксд 2007 онд баригдсан Моррисаниа Хөүмс(Morrisania Homes in the Bronx)нь анхны ногоон бөгөөд орлогод нийцсэн сууцны нэг.  Энэ орон сууцыг холимог ашиглалттай, бага орлоготой болон дунд орлоготой иргэдэд зориулан барьсан байна. 

 

        “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь хүн амын зорилтот бүлгийн урт хугацааны төлбөрийн чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн хангамж бүхий, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хог хаягдал, орчны бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий орлогод нийцсэн ногоон орон сууцны эко-хорооллыг бий болгох онцгой ач холбогдолтой төсөл юм.

 

Уур амьсгалын өөрчлөлт


УБ хотын ногоон орон сууц төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өхүүдэд зориулсан цогц, нэгдсэн, орлогод нийцсэн шийдлийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хамтран хэрэгжүүлнэ. Төслийн зорилго нь эрчим хүчний хэмнэлттэй, иргэдийн орлогод нийцсэн, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлсэн 10,000 ногоон орон сууцыг барьж байгуулах юм. Төслийн хүрээнд гэр хорооллын 100 га талбайг нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эко хороолол болгон хөгжүүлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад авч хэрэгжүүлэх олон арга хэмжээнд тулгуурласан уг төслийн зорилтууд нь (i) Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах; (ii) Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий, бохирдол ихтэй хот гэр хорооллыг нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай эко хороолол болгон хөгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал, орчны бохирдлыг бууруулж, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах таатай орчны орчныг бий болгоно.


Хүлэмжийн хийн ялгарал


Гэр хороолол нь бага, дунд орлоготой өрхийн суурьшлын бүс нутаг бөгөөд хашаа хооронд шороон замтай, тоосжилт, орчны бохирдол ихтэй.

Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй иргэд уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий байдаг бөгөөд айл өрхүүд халаалт, хоол хийх зорилгоор нүүрс түлж байгаагаас үүдэн хүлэмжийн хийн ялгаралт, агаарын бохирдлын голомт болж, улмаар хүлэмжийн хийн ялгаруулалтад нөлөөлж байна.

Эдгээр асуудлуудыг УБ хотын ногоон орон сууц төсөл нь сонгосон гэр хорооллуудад төвийн шугам, дэд бүтцэд холбогдсон орлогод нийцсэн орон сууц бүхий эко хорооллын бүтээн байгуулалт хийж хөгжүүлэн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулан, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих замаар шийдвэрлэнэ.

Үүний үр дүнд Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, оршин суугчид нь амьдрах таатай орчныг бүрдүүлсэн эрүүл, аюулгүй, ногоон хот болоход дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, төслийн үр дүнд гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулснаар Улаанбаатар хотын 1.4 сая иргэн үр шимийг нь хүртэх юм.


УБ хотын ногоон орон сууц төсөл нь өнөөгийн Монгол Улсын стандартын шаардлагаас өндөр хэмжээтэй эрчим хүчний хэмнэлтийг барьж байгуулах орон сууцнууддаа бий болгох, нүүрсхүчлийн хий үүсгэгч эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлыг бууруулах зорилготой. Энэ нь төслийн зүгээс Монгол Улсын эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн технологийг барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, инженерийн шугам сүлжээний үйлчилгээний стандартдаа оруулж байгаа үйл ажиллагааг дэмжин, орон сууцны салбарт хэрэгжүүлэн ажиллах боломжийг бий болгож байгаа юм.

Барилгын дулаалга (жилд 187,149 тонн CO2-экв) болон нарны зайн дэлгэц (жилд 17,261 тонн CO2-экв)-д оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд УБ хотын ногоон орон сууц төсөл нь жилд 204,410 тонн CO2-экв (урьдчилсан тооцоолол) хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.


Төслийн үр дүн ба үр шим хүртэгчид


Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах

  • Барилга, байгууламжийн ашиглалтын нийт хугацаанд шууд бууруулах хүлэмжийн хийн хэмжээ 7.48 сая тонн CO2-экв (40 жилд)
  • Барилга, байгууламжийн ашиглалтын нийт хугацаанд дам байдлаар бууруулах хүлэмжийн хийн хэмжээ 39.59 сая тонн CO2-экв (шууд буурах хүлэмжийн хийг оролцуулан)


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

  • Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг бууруулснаар төслөөс шууд үр шим хүртэгчид 35,000
  • Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг бууруулснаар төслөөс дам байдлаар үр шим хүртэгчид 350,000


Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ:


Эрчим хүчний хэмнэлт/ Барилгын нэмэлт дулаалга: Орон сууцны дулаан зарцуулалт жилд 151 кВтц/м2 байхаар төлөвлөж, орон сууц тутамд 74 м2 дулаалга нэмэлтээр хийнэ.
Дээврийн нарны зайн дэлгэц : 72,000 м2 талбайд 11 МВт чадал бүхий нарны хавтан ашиглана.
Гудамжны гэрэлтүүлэг: Эко хороололд эрчим хүчний хэмнэлттэй гудамжны гэрэлтүүлэгийг суурьлуулна.


Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилгууд: Инженерийн дэд бүтцэд холбогдсон, барилгын эрчим хүчний хэрэглээний хяналтын тогтолцоо бүхий орон сууцууд байна.
Ногоон байгууламж: Эко хорооллын нийт талбайн 30%-ийг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах ба үүнээс 15% нь ногоон байгууламж байна.


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход авч хэрэгжүүлэх арга хэмжээ:


Хүлэмжийн аж ахуй: Эко хороололд хүлэмж барьж байгуулснаар хүлэмжийн аж ахуй эрхлэлтээр иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний ногооны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.


Төслөөс шууд үр шим хүртэгчдийн тоо хамгийн багадаа 35,000, дам байдлаар үр шим хүртэгчдийн тоо 350,000 байна. Уг тооцоололд УБ хотын ногоон орон сууц төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн механизмыг ашиглан төсөл дууссаны дараа баригдах орон сууцны оршин суугчдын тоог оруулаагүй.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны үндсэн шууд үр шим хүртэгчдийн нийт тоо хамгийн багадаа 35,000 байх бөгөөд энэ нь УБ хотын ногоон орон сууц төслийн хүрээнд баригдах орон сууцанд амьдрах оршин суугчдын тоо юм. Төслийн хүрээнд эко хорооллын орон сууцны үерийн хамгаалалтын сайжруулах, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг дээшлүүлэх, хог хаягдал, бохир усны менежментийг сайжруулах замаар Монгол орны эрс тэс уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас хамгаална.

Эко хорооллын барилгын дээврийн талбайн 18 хувиас багагүй талбайг ашиглан нарны цахилгаан үүсгүүр суурилуулах ба төслийн хэмжээнд нийт 72 000 м2 талбай бүхий нарны цахилгаан үүсгүүр суурилуулна.


Барилгын дээврийн нарны цахилгаан үүсгүүрийг сүлжээтэй зэрэгцээ ажиллах батарейгүй системээр төлөвлөнө.


Нарны цахилгаан үүсгүүрийн ажиллах зарчим: Өдрийн цагаар нарны энерги их, эко хороололд амьдарч буй айлуудын цахилгаан хэрэглээ бага үед айлуудын хэрэглээг хангаад илүүдэл эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлнэ.

Амралтын өдөр болон бусад хэрэглээ өндөртэй үед нарны эрчим хүч эко хорооллын айлуудын цахилгаан хэрэглээг хангаж чадахааргүй тохиолдолд төвийн түгээх сүлжээнээс цахилгаан нийлүүлэн нарны цахилгаан үүсгүүртэй хоршин ажиллана.

Бүрхэг өдөр, мөн нар жаргасны дараа айлуудын цахилгаан хэрэглээг түгээх сүлжээнээс хангаж ажиллана.