Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь барилгын талбарын ойролцоо оршин суух иргэдийг барилга угсралтын ажилд зуучлах цаашлаад богино хугацааны мэргэжил олгох сургалтад хамруулж, иргэдийн өрхийн амьжиргааг дэмжих зорилготой.
Энэ хүрээнд Баянхошуу дэд төвийн иргэнийг мужааны сургалтад хамруулсан бөгөөд энэ удаа тус талбарын эмэгтэйчүүдийг оёдлын онол, дадлагын сургалтад хамруулж эхлээд байна. Энэхүү сургалт нь 2024 оны 11-р сарын 25-нд эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Сургалтад хамрагдсан иргэд үндэсний дээл эсгэх, оёх технологи мөн бусад оёдлын ур чадваруудыг эзэмшинэ.
Төслийн талбарт оршин суугаа эмэгтэйчүүд оёдлын технологи сурснаар өрхийн үйлдвэрлэл эхлэх, цаашид ногоон орон сууц төслийн хүрээнд байгуулагдаж буй эко хороололд бизнес эрхлэх боломж бүрдэх юм.
Энэхүү сургалтын үйл ажиллагааг зохион байгуулснаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, тогтвортой амьжиргааны эх үүсвэрийг бий болгоход хувь нэмэр оруулахаар зорьж байна.