Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хамтран эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулах зорилтын хүрээнд 2020-2027 онуудад “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг зураг төсөл зохиогчид, гүйцэтгэгч байгууллагуудад зориулсан “Эко хорооллын төлөвлөлт, архитектур төлөвлөлтийн зарчим” – ийн төслийг боловсруулаад байна.
Тус “Эко хорооллын төлөвлөлт, архитектур төлөвлөлтийн зарчим” – ийн төслийг барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулж, санал солилцох зорилгоор оролцогч талуудын хамтаар “ЭКО ХОРООЛОЛ БОЛОН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨЛӨВЛӨЛТ ЧАДАВХЖУУЛАХ УУЛЗАЛТ”-ыг 2023 оны 12 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд “Hub Innovation Center” дундын оффис, бизнес инкубатор төвд амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, барилгын материал үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн нийт 55 төлөөлөл оролцсон бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн орон сууц бодлогын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Барилгын хөгжлийн төв, Монголын барилга инженерүүдийн холбоо зэрэг Нутгийн захиргааны байгууллагуудаас холбогдох албан хаагчид оролцсон. Төслийн багийн зүгээс барилгын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлээр мэргэшсэн инженерүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын ногоон барилгын үнэлгээний “Excellence in Design for Greater Efficiencies” (EDGE) систем эксперт бэлтгэх сургалтыг зохион байгуулж, сургалтад нийт 30 инженерийг хамруулав.
“ЭКО ХОРООЛОЛ БОЛОН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨЛӨВЛӨЛТ ЧАДАВХЖУУЛАХ УУЛЗАЛТ”-ын хаалтын ажиллагаанд Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү оролцож “Excellence in Design for Greater Efficiencies”(EDGE) систем экспертийн шалгалтын эрх авах сургалтад оролцогчдод Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн зэргийн сонгон суралцах 2 багц цагийн гэрчилгээг гардуулсан.
Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Барилга, хот байгуулалтын яамны дэд сайдын удирдлага доор байгуулагдсан Үндэсний ногоон барилгын зөвлөл хамтран 2022 оноос эхлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор EDGE ногоон барилгын үнэлгээний системийн суурь шаардлагуудыг Монгол улсын барилгын салбарт мөрдөгдөж буй норм дүрмүүдэд үндэслэн боловсруулсан болохыг онцлон, сургалтад оролцогчдод баяр хүргэж сургалтаас олж авсан мэдлэг чадвараараа барилгын салбарт тэр дундаа ногоон барилгыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэдгээ илэрхийллээ.