“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Шархад дэд төв Баянзүрх дүүргийн 19-р хорооны Цайз орчимд нийт 110 айлын ногоон орон сууцны эко хорооллын барилгын ажлыг эхлүүлээд байна.
Төслийн нэгжийн зүгээс төслийн талбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд төслийн нэгж нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19-р хорооны Иргэдийн танхимд ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад тус хорооны 30-н бизнес эрхлэгч оролцсон бөгөөд төслийн нэгжийн зүгээс ногоон орон сууц төслийн үйл явц, эко хорооллын төлөвлөлтийг танилцуулан, 2024 онд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт шаардагдах судалгааг авлаа. Түүнчлэн уулзалтад оролцогчдын 70 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгчид байсан бөгөөд Төслийн хуулийн зөвлөх ЖДҮҮ эрхлэгчдэд зориулан өмч хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар хууль эрх зүйн мэдээлэл өгч ажиллалаа. Мөн уулзалтад төслийн барилга угсралтын гүйцэтгэгч компани болох “Нутгийн буян” ХХК-ын төлөөлөл оролцож бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв.