Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй Ногоон орон сууц төсөл нь 2020 онд төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулснаар үндсэн үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар төслийн 1-р үе шатны 800 айлын ногоон орон сууцыг Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд 2023-2025 онуудад барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ногоон орон сууц төслийн барилга угсралтын ажилд нийт 9 гүйцэтгэгч аж ахуйн нэгж 188 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн талбарын ойролцоо амьдрах нийт 50 иргэн уг бүтээн байгуулалтад орж ажиллаж байна.
Одоогийн байдлаар нийт төслийн хэрэгжилт 40 хувьтай, үүнээс 1-р ээлжийн 220 айлын орон сууцыг 2024 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчид ногоон орон сууц төслийн барилгын явц, төлөвлөгөөтэй танилцаж, байгальд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулсан, ногоон шийдэл стандартыг нэвтрүүлсэн бүтээн байгуулалтын ажил болохыг онцоллоо.