“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчимд нийт 110 айлын ногоон орон сууцны эко хорооллын барилгын ажлыг эхлүүлээд байна.
Төслийн нэгжийн зүгээс төслийн талбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх дэд зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд төслийн нэгж нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төвд ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 бизнес эрхлэгч оролцсон бөгөөд төслийн нэгжийн зүгээс ногоон орон сууц төслийн үйл ажиллагааг танилцуулан, 2024 онд ЖДҮҮ-ний үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр боловсруулахад шаардагдах судалгааг авлаа.
Мөн Хөгжлийн шийдэл ТББ –ын зүгээс өрхийн болон ЖДҮҮ дэмжих чиглэлээр хэрэгжүүлж болох богино болон урт хугацааны сургалт, хөтөлбөрийг танилцуулж, мөн төслийн гүйцэтгэгч барилгын компаниудын төлөөлөл тус уулзалтад оролцож ЖДҮҮ эрхлэгчидтэй хамтарч ажиллах талаар мэдээллийг өглөө.