Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Нийгмийн хамгаалал

Төслийн нийгмийн хамгаалал ба жендерийн үйл ажиллагаа

ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЖЕНДЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ХАМГААЛЛЫН БОДЛОГО


Ерөнхий:


УБ Хотын Ногоон Орон Сууц төсөл нь жендерийн асуудлыг бодлогод тусгасан төсөл ба төслийн үр дүнд хотын хөгжилд жендерийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байх юм.


Төсөлтэй холбоотой ажиллаж буй бүх оролцогч тал нь нийгмийн хамгаалал болон жендерийн мэдрэмжийн талаар мэдлэгтэй байх, тэдгээрийн үзэл баримтлалыг ажилдаа хэрэгжүүлэх чадварыг Нийгэм, жендерийн мэргэжилтнүүд хариуцан ажилладаг.


Төсөл нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уялдаж ажилладаг ба нийгэм, жендерийн талаас бохирдолгүй, аюулгүй орчинд түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажлыг голлон анхаарж буй юм.


Газар солилцох, нүүлгэн шилжих үйл явцад нийгмийн хамгааллыг баримтлах нь:


Төслийн сайн дурын үндсэн дээр газар солилцох төлөвлөгөөний дагуу өрхүүд оролцох эсэхээ сайн дураар сонгох боломжоор хангагдах буюу төсөл нь зөвхөн сайн дураар газар солилцох механизм дээр суурилж, эрэлтэд тулгуурласан аргыг хэрэгжүүлнэ. Төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн бол төслийн болон санхүүжүүлэгч Азийн Хөгжлийн Банкны (АХБ) хамгааллын бодлогын дагуу дан газрын эзэд биш нэн бага орлоготой, ганц бие эмэгтэй толгойлсон гэх мэт газрын гэрчилгээгүй зорилтот бүлэгт хамаарах өрхүүдийг төсөлд гээлгүй хамруулахаар бүх талаас ажиллаж байна. Төсөл сайн дурын бус нүүлгэн шилжүүлэлт хийхгүй бөгөөд энэ нь тодорхой шалтгаанаар амьдарч буй хашаа, орчноосоо нүүх сонирхолгүй, эко хороололд амьдрах нь нүүлгүй үлдсэнээс биет болон биет бус байдлаар илүү ашигтай биш гэж үзэж буй оршин суугчдын шийдвэрийг хүндэтгэх, сайн дурын оролцоог барих бодлого юм.


Харилцан адилгүй нөхцөл бүхий өрхүүд төсөлд оролцоход тавигдах шаардлага:


Ихэнхи тохиолдолд өрхүүд төсөлд оролцох маш өндөр сонирхолтой байна. Харин төсөлд оролцох сонирхол байвч солилцох газар болон үл хөдлөх хөрөнгө байхгүй өрхүүд төсөлд хэрхэн оролцох асуудлыг удаа дараа хөнддөг. Төсөл өөрөө АХБ-ны зээлээр хэрэгждэг, мөн эко хорооллын босох өртөг Ковид 19, барилгын материалын үнийн хөөсрөл, Хятадын хил хязгаарлагдсан гэх мэт давагдашгүй хүчин зүйлсээс хамаарч улам өндөр болж байгаа хэдий ч дээр дурьдсанаар газрын гэрчилгээгүй, төслийн нөлөөнд эмзгээр өртөж буй зорилтот бүлэгт хамаарах өрхүүдийг боломжтой дэд төвүүдэд баригдах эко хорооллын түрээсийн орон сууцаар хангах, цаашлаад улсын түрээсийн орон сууцны хангамж болон хүртээмжийг бодлогын түвшинд дэмжих ажлууд хийгдэх юм.


Түрээсийн орон сууцанд амьдрах өрхийн орлогын 25-аас ихгүй хувийг түрээсийн төлбөрт авна гэсэн заалт бий. Харин төлбөр төлөх чадамж огт байхгүй нь тогтоогдсон зорилтот бүлгийн айлуудын амьжиргааг дээшлүүлэх, ингэснээр цаашид түрээсийн төлбрөө төлөх санхүүгийн чадамжийг нь дэмжих зорилгоор төслийн хэмжээнд үүсэх ажлын байранд зуучлах, ур чадварын сургалт болон эко хороололд баригдах хүлэмжний аж ахуйнд хамруулах зэрэг олон ажлуудыг төслөөс зохион байгуулах юм.


Оршин суугчдын оролцоотой төлөвлөлт:


1-Р АЛХАМ


Төслийн багаас оршин суугчдад төслийн бүрэн танилцуулгыг хийж, газар ба үл хөдлөх хөрөнгөө сайн дураар солих үйл явцын талаар мэдээлэл хүргэж, иргэдтэй зөвлөлдөнө.


2-Р АЛХАМ


Оршин суугчдын төсөлд хамрагдах сонирхлын судалгааг төсөл танилцуулснаас дор хаяж 2 долоо хоногийн дараа хийнэ. Төслийн багаас оршин суугчдын бүх асуулт хариултанд хариулж өгч, хангалттай ойлгосны дараа оршин суугчид судалгааны асуулгаа бөглөнө. (Эко хорооллын төлөвлөлтийг талбайн ашиглалт сайтай хийхийн тулд хамгийн багадаа нэг дор байрлалтай 3 га газрын оршин суугчид иргэд нэгдэж төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлснээр төсөл үргэлжилнэ)


3-Р АЛХАМ


Хангалттай сонирхол бүрдсэн тохиолдолд оршин суугчдын нийгэм, эдийн засаг, орчин, жендерийн төлөв байдалтай холбоотой мэдээллийг Нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа хийж цуглуулна. Тус судалгаанд тусгасан оршин суугчдын санал, хэрэгцээнд тулгуурлан эко хорооллын инженерийн зураг төслийн төлөвлөлт хийгдэнэ. Ийнхүү эко хорооллын төлөвлөлтийн явцад оршин суугчдын оролцоог хангаж, тэдний хүссэн амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллана.


4-Р АЛХАМ


Үүний дараагаар төсөлд оролцох өрхүүдийн хашаанд нарийвчилсан хэмжилт хийж газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийнэ. (Хөндлөнгийн үнэлгээчин газрын үнийг тогтоож, үнэлгээг хийх ба төслийн баг үнэлгээний үйл явц, дүнд нөлөөлөхгүй болно)


5-Р АЛХАМ


Газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд үндэслэн сайн дурын үндсэн дээр газраа орон сууцаар солилцох гэрээг оршин суугчид Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Төслийн нэгжтэй байгуулна.


НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ


Төслийн заавал хэрэгжүүлэх ёстой баримт бичгүүдийн нэгэнд энэхүү төсөлд зориулан батлагдсан Нийгэм, жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө ордог. Төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн өрхүүд болон өрхийн гишүүдийн ялгаатай хэрэгцээг хангах, амьжиргаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эко-хорооллын бүх шатны төлөвлөлтөнд санал бодлыг нь тусгах, эмэгтэйчүүдийн хөрөнгө өмчлөх эрхийг сурталчлах гэх мэт үйл ажиллагаа хэрэгжих юм. Төсөл нь өөрөө тэгш оролцоог хангасан, жендерийн мэдрэмжтэй, бүгдэд ялгаагүй хүртээмжтэй, шаардлагатай үйлчилгээг оршин суугчид гэртэйгээ ойр, нэг дороос авах боломжтой, ая тухтай, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа болно.


Үйл ажиллагааг сэдвээр ангилан үзвэл: 


Амьжиргаа дэмжих:


Хөдөлмөр эрхлэлт болон ур чадварын сургалт:


Төслийн бүтээн байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой үүсэх шинэ ажлын байрнуудын 30-40 хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэнэ. Бүтээн байгуулалтыг хийх хөгжүүлэгчид буюу барилгын компаниудтай хийх бүх гэрээнд “хүйс үл харгалзан ижил ажлын байран дээр ижил тэгш цалин хөлс олгох” зарчмыг мөн оруулж өгснөөр хүйсээр ялгаварласан цалингийн зөрүү гаргахгүй байх нөхцлийг эхнээс нь бүрдүүлэх юм. Барилга, засвар үйлчилгээ гэх мэт ажлын туршлага, ур чадвар байхгүй ч төслөөс үүсэх ажлын байрнуудад хамрагдах, амьжиргаагаа дэмжих сонирхолтой оршин суугчдад эрэлтэн дээр тулгуурлан сургалт мөн зохион байгуулж, ур чадварын сертификат олгох ажлыг хийнэ. Үүнээс гадна шинээр жижиг бизнес эрхлэх, гарааны бизнес мөн эхлүүлж яваа оршин суугчдын ур чадварыг дээшлүүлэх, жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулахад нь зөвлөх зэрэг ажлууд хийгдэнэ. Төслийн худалдааны байгууламжуудад бизнесийн үйл ажиллагаанууд шинээр нээгдэх тул орчиндоо хөдөлмөр эрхлэх боломжууд мөн эмэгтэйчүүдэд нээгдэнэ гэж үзэж байна.


Өндөр настнууд, бага насны хүүхэдтэй өрхүүд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу үе гэх мэт өөр өөр хэрэгцээтэй бүлгүүдийн төлөөллөөс бүрдсэн хяналтын багийг мөн төслөөс удирдан үүсгэх юм. Тус багийг хяналт тавих ур чадварын сургалтанд хамруулж, эко хорооллын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй эсэхд оршин суугчдын оролцоотой хяналт тавих ажлыг мөн явуулахаар бэлдэж байна.”


Хүлэмж:


Амьжиргаагаа дэмжих шаардлагатай зорилтот бүлгийн өрхүүдэд нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох болон оршин суугчид хоорондын хөршийн харилцааг бэхжүүлэх зорилгоор төслөөс мөн хүлэмжийг эко хороололд төлөвлөж өгсөн. Ногоо тарих туршлагагүй өрхүүдэд үе шаттай сургалтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон мэргэжлийн байгууллагууд зориулан хийнэ. Хүлэмжийг нарийн ногоо, цэцэг, үрсэлгээ тариалах, мод үржүүлэх зэрэг өөр өөр зориулалтаар ашиглаж болох ба, алийг нь дагнан тариалахыг оршин суугчдын сонирхол дээр тулгуурлан зохион байгуулна. Хүлэмжийг хоршооллын зохион байгуулалтаар явуулна. Хүлэмжийн аж ахуйг өрхүүд өөрийн хүнсний хэрэглээнд хэрэглэхээс илүүтэй борлуулах зорилгоор явуулж, амьжиргаагаа дээшлүүлнэ гэсэн бодлоор төлөвлөж байна. Гэхдээ оршин суугчдын талаас дээгүүрт тавих хэрэгцээ юу вэ гэдгээ тодорхойлсноор хүлэмжийн үйл ажиллагаа хэрхэн явахыг шийднэ. Энэ нь оршин суугчдын оролцоог төслийн бүх шатанд авч үзэж ажиллаж буйн нэг хэлбэр юм.


Кампанит ажил, мэдээлэл олгох сургалт:


Төслийн талбарууд дээр хийсэн судалгаанууд газрын болон аливаа үл хөдлах өмчийн эздээс дөнгөж 10 орчин хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг харуулсан. Өрхийн тэргүүн, айлын залгамж халаа гэх ойлголтоос үүдэн гэр бүлүүд ихэнхдээ нөхөр, хүү, эрэгтэй дүү нарынхаа нэр дээр орон сууцны гэрчилгээгээ авах тохиолдол элбэг бий. Энэ нь цаашлаад эмэгтэйчүүд санхүүгийн үйлчилгээ, тэр дундаа зээл авж бизнес эрхлэх, өөрийн хөрөнгөтэй болох, ингэснээр ирээдүйн төрөл бүрийн эрсдлээс өөрсдийгөө болон хүүхдүүдээ хамгаалах, гэр бүл салалт зэргээс үүдэн орон гэргүй хохирж хоцрох гэх мэт олон асуудлыг даван туулахад садаа болж буй хэрэг юм.


Энэхүү кампанит ажил нь дан төсөлд оролцож буй насанд хүрсэн эмэгтэйчүүдээс гадна өрхийн тэргүүд, эмэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт оршин суугчдын хөрөнгө бүртгэлийг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд зэрэг оролцогч талуудад зориулан явагдах юм.


Төслөөс мөн хаягдлыг ангилан ялгах, саарал усыг дахин ашиглах, эрчим хүчний хэмнэлтийг өрхийнхөө хэмжээнд хэрэгжүүлэх гэх мэт байгаль орчинд ээлтэй бусад зан үйл, технологийг өдөр тутмын амьдралдаа ашиглахад туслах сургалтуудыг мөн хийх юм.


Эко хорооллын орон сууцны хангамж:  


 Дээр дурдсанчлан өрх бүрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцны шийдлийг газар болон үл хөдлөх хөрөнгө солилцох гэрээ, түрээслээд-өмчлөх төлбөрийн чадварт нийцсэн түрээсийн төлөвлөгөөгөөр дамжуулж санал болгоно. Харин төсөлд оролцох сонирхолтой ч солилцох газар болон үл хөдлөх хөрөнгө байхгүй, нэн бага орлоготой, ганц бие эмэгтэй толгойлсон гэх мэт зорилтот бүлэгт хамаарах өрхүүдийг төсөлд гээлгүй хамруулна гэдгийг төслийн баримт бичгүүдээр баталгаажуулсан байдаг.


Санхүүгийн зуучлал: 


Төслийн багаас банкнуудын орон сууц худалдан авахад зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд дотор нэн бага орлогтой болон эмэгтэйчүүд лүү чиглэсэн ямар зээлийн үйлчилгээнүүд байгаа талаар судалгаа явуулж, үнэлгээ хийх ажлыг хийнэ. Ингэснээр эдгээр санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг ямар аргаар илүү хүртээмжтэй тогтолцоотой болгох ажлууд тодорхойлогдох юм. Төслийн орон сууцыг худалдаж авахад зориулсан бүх орон сууцны зээлийн 40 хувийг эмэгтэйчүүдэд олгох ажил мөн үүнд багтана.