Орлогод нийцсэн орон сууц гэдэг нь төрийн бодлогоор хүн амын зорилтот бүлгийн амьжиргааны түвшин болон урт хугацааны төлбөрийн чадварт нь зохих ёсоор нийцүүлсэн орон сууцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл орон сууцны үнэ болон төлбөрийн нөхцөлийн хувьд тус айл өрхүүдэд анхан шатны суурь хэрэгцээгээ хангах боломжийг олгохуйц байна.
Монгол Улсын хувьд орлогод нийцсэн орон сууцны талаарх баримтлах стратегийг 2014 онд боловсруулсан “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги (ТЧНОСС)” баримт бичгийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд судлан тодорхойлсон ба зорилтот айл өрхүүдийг орлогод нийцсэн орон сууцанд амьдрах боломжийг олгоход дараах үндсэн стратегийн чиглэлүүдийг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Үүнд:
- Төрийн дэмжлэгтэйгээр төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.
- Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмыг бийболгох.
- Хотын хэмжээний орон сууцны асуудал хариуцсан байгууллагуудын бүтэц болон хууль эрх зүйн орчинг тогтоох.
“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь эдгээр 3 стратегийн чиглэлийг хангахад хувь нэмэр оруулах бүрэлдэхүүн хэсгүүдийг үйл ажиллагаандаа агуулж, нэмэлтээр байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах барилгын ногоон элементүүдийг төлөвлөлтөндөө тусгаснаараа онцгой ач холбогдолтой төсөл юм.
Төслийн 1-р бүрэлдэхүүн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Төсөл Хэрэгжүүлэх Нэгж нь төсөлд хамрагдах зорилтот иргэдэд зориулсан түрээслэх, түрээслээд өмчлөх зориулалт бүхий ногоон орон сууцуудыг шаардлагатай шугам сүлжээ, дэд бүтцийн хамтаар барьж байгуулна.
Мөн үүнтэй зэрэгцэн төслийн 2-р бүрэлдэхүүн хэсэг буюу дундын санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан Хувийн ХОС ТЗК” ХХК-г үүсгэн байгуулж тус төслийн шаардлагын дагуу эко хорооллын ногоон орон сууцуудыг барьж хөгжүүлэх хувийн хэвшлийн барилгын компаниудад зориулсан зээл олгох, нөгөө талаас худалдан авагчдын төлбөрийн чадварыг дэмжих ногоон ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх юм.
