Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн байршлуудад ажиллаж төслийн хэрэгжилт явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын гэр хорооллын 6 дэд төвийн хүрээнд 100 га талбарт 10,000 айлын холимог төлөвлөлттэй өрхийн орлогод нийцсэн, ногоон орон сууцны эко-хорооллыг байгуулах юм.
Төсөл 5 үе шаттай хэрэгжих ба Улаанбаатар хотын дэд төвүүдэд байгуулж буй инженерийн дэд бүтцийг түшиглэн эко-хорооллыг байгуулна. Төслийн 1 дүгээр үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хэрэгжинэ.
Энэхүү хорооллын онцлог нь эрчим хүч, усны хэмнэлттэй инженерийн ногоон шийдлүүдийг төлөвлөн нэвтрүүлсэн байх юм. Тухайлбал эко-хороолол нь нэмэлт дулаалгын системтэй, нарны эрчим хүчний шийдэлтэй, ухаалаг удирдлагын систем бүхий инженерийн иж бүрэн төлөвлөлттэй байна.
Мөн эко-хорооллын нийгмийн дэд бүтцийг оршин суугчдын хэрэгцээ, саналыг харгалзан иргэдийн оролцоонд тулгуурлан төлөвлөнө. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлт, явган хүний болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт нийгэм, иргэний барилга байгууламжийг цогцоор нь төлөвлөснөөр иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Цаашлаад иргэдийн оролцоонд суурилсан хог хаягдлын менежмент, иргэдийн амьжиргааг дэмжих дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ.
Төслийн үр дүнд агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчныг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэн, ажлын байр өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох зэрэг олон төрлийн ач холбогдолтой.